Мэдээ алдуулалт буюу мэдээгүйжүүлэг нь Anaesthesia гэдэг грек үгнээс гаралтай мэдээгүй, мэдрэмжгүй болох гэсэн утгатай бөгөөд эмийн бодисын нөлөөгөөр бүх ухамсар, мэдрэхүй болон ухаан алдах үйл явц юм.
Мэдээгүйжүүлэг гэдэг нь ерөнхий мэдээгүйжүүлэг,төвийн мэдрэлийн хориг, захын мэдрэлийн хориг, судас унтуулга гэсэн төрлүүдтэй. Иргэдийн ярьдагаар “бүтэн наркоз” буюу ерөнхий мэдээгүйжүүлэг гэдэг нь дан ганц унтуулах үйл явц биш. Эмийн үйлчлэлээр ерөнхий мэдээгүйжүүлгийн “гурвал” гэж нэрлэдэг унтуулах,өвдөлт намдаах, булчин сулруулж амьсгалыг зохиомлоор удирдах гэсэн цогц ойлголт бөгөөд мэдээгүйжүүлгийн эм тариаг тухайн хүний биеийн жинд үндэслэн маш нарийн тооцож хийдэг. Төвийн мэдрэлийн хориг буюу нугасны мэдээгүйжүүлэг гэдэг нь хэсгийн мэдээ алдуулах бодисыг нугасны хөндийд болон өөрөөр хэлбэл нугасны шингэнд тарьж хэрэглэх аргыг хэлнэ. Мэдээгүйжүүлэлтийн энэ арга нь эмийн бодисыг маш бага тунгаар хэрэглэн бүсчлэн гүнзгий мэдээ алдуулдаг, өвчтөн сэрүүн байдаг зэрэг давуу талтай юм. Мөн нугасны гадна хөндийд маш нарийн гуурс байрлуулан тэр гуурсаараа хагалгааны явцад мэдээ алдуулах бодисыг бага багаар нэмж хийдэг. Төвийн мэдрэлийн хоригт нугасны болон нугасны гадна хөндийн, ууцны хоригууд ордог. Харин захын мэдрэлийн хориг гэдэг нь тухайн мэс засал, эсвэл ажилбар хийгдэх тодорхой эрхтний дамжуулагдаж байгаа мэдрэлүүдэд хориг хийж өвдөлтийг мэдрэхгүй болгох арга юм. (Жишээ нь нүүр,шүд, гар,сарвуу, хуруу гэх мэт эрхтнүүдэд) Судас унтуулга гэдэг нь богино хугацааны ямар 1 ажилбарын үед судсаар тайвшруулах,өвдөлт намдаах тариаг хийж түр хугацаанд унтуулж,өвдөлтийг мэдрэхгүй болгоно гэсэн үг.
Онолын хувьд мэдээ алдуулалтын дараа хүний оюун ухаанд нөлөөлдөг, мартамхай болдог гэж нотлогдсон зүйл байхгүй. Мэдээгүйжүүлэгт хэрэглэгддэг эмийн бодисуудад өөр өөрийн гэсэн үйлчилгээний механизм, үйлчлэх хугацаа, сөрөг нөлөө, ялгарах хугацаа гэж байдаг. Үүнтэй холбоотойгоор мөн тухайн өвчтөний бие махбодийн байдал, хийгдэх мэс заслын цар хүрээнээс хамаарч мэдээгүйжүүлгийн үеийн эрсдэл хүчин зүйлсүүд байдаг. Иймээс бид мэдээгүйжүүлгийн өмнө өвчтөнийг нягт нямбай үзэж эрсдэлт хүчин зүйлсүүдийг нэг бүрчлэн тайлбарлаж зөвшөөрөл авсны үндсэн дээр мэдээгүйжүүлэг өгдөг. Иймээс мэс засалд орох үйлчлүүлэгч нар маань урьдчилан мэдээгүйжүүлгийн эмчид үзүүлэх шаардлагатай байдаг. Учир нь тухайн үйлчлүүлэгчид аюулгүй мэдээгүйжүүлэг хийх үүднээс эрсдэлийг урьдчилан тооцоолох, шаардлагатай үед эмчилгээ хийж, биеийн байдлыг нь тогтворжуулахад мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэг зайлшгүй шаардлагатай байдаг. Эмч тухайн үйлчлүүлэгчийг үзэн биеийн байдлыг үнэлэн, мэдээгүйжүүлэг хийх боломжтой гэж үзвэл мэдээгүйжүүлгийн өмнөх бэлтгэл, хоол сойх хугацаа зэргийг зөвлөнө Учир нь хүний ходоодонд ямар нэгэн агууламж байх нь мэдээгүйжүүлгийн үед өвчтөнд гарч болох эрсдэлийг нэмэгдүүлнэ, цаашлаад амь насанд ч аюултай байдал үүсч болзошгүй байдаг.
Би мэргэжилдээ дуртай.Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч гэсэн энэ сайхан мэргэжлээрээ 24 жил ажиллаж байна. Ер нь мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний ажил асар хүнд. Учир нь хүнийг унтуулаад буцаагаад сэрээнэ гэдэг тийм амар биш.Энэ олон жилийн хугацаанд хүндрэлтэй тохиолдлуудтай зөндөө л тулж байлаа. Мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч гэдэг бол байнгын анхаарал, сэрэмжтэй байх маш хариуцлагатай ажил. Хичнээн хүнд өвчтөн байгаа ч гэсэн аюулгүй мэдээгүйжүүлэг өгөөд мэс заслаас, амь тэнссэн байдлаас нь аваад гарах юмсан гэсэн бодолтойгоор л ажилладаг. Мэс засал, мэдээгүйжүүлэг бол багаар хийгддэг ажил, ганц нэг хүний хийснээр бүтдэг ажил огт биш.Тиймээс бид ямар ч үед ажлын байрандаа дуудагдахад бэлэн байдаг гэсэн үг.
Манай эмнэлэгт мэдээгүйжүүлэгийн аппарат болох Anaesthesia A-6500, өвчтөний амин үзүүлэлтийг хянах хяналтын мониторууд, дефибриллятор, төвөгтэй интубацийн хэрэгсэл, тарилгын шахуургууд гэх мэт сүүлийн үеийн шаардлагатай тоног төхөөрөмжүүд бүгд бий.Мөн мэдээгүйжүүлгийн эм тарианы хувьд бид дэлхийн стандартаас хол зөрүүтэй бус, хөгжилтэй орнуудад хэрэглэгддэг тэр л арга техник, эм тариа, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар аюулгүй, эрсдэлгүй мэдээгүйжүүлэг өгөх, хагалгааны дараа өвчтөнд ямар 1 өвдөлтгүй, зовиургүй байлгах үүднээс өвчтөн бүрт тохирсон эмчилгээг хийж ажилладаг мэргэжлийн эмч сувилагч нарын баг үйлчилдэг.